Компани дарамталж, шантаажилдаг даварсан засаг Н.Захирахбаатар гэж хэн бэ?

Ерөнхий сайдаасаа, Засгийн газраасаа тэрсэж, өөрсдийнхөөрөө увайгүйтдэг даварсан засаг дарга нарын шуугиан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Н.Захирахбаатараар үргэлжилж байна. Мань эр суманд нь түймэр дүрэлзэж байхад компанийн эзэмшил болох тариалангийн талбайг албадан нураалгаж, морь уралдуулан цэнгэсэн юм. Үндсэн хуулиар Монгол улсын иргэнд олгосон өмч, эзэмшлийн эрх рүү ийн дураараа авирласныгаа огт хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам “Би цаашид ч малчидтайгаа нийлж энэ компанитай тэмцэнэ, тэмцсээр ч ирсэн” гэж том дуугарсан сурагч чих дэлсч байна. Бид энэ удаа даварсан “Засаг ноён” Н.Захирахбаатар гэж хэн бэ гэсэн асуултад хариу хайлаа.
Нэг. Сум орон нутгийнх нь хүмүүс мань эрийг тиймэрхүү хүн гэж өөр зуураа ярьдаг гэнэ. Анх Хушаат суманд ганц чемодантай төрийн албан хаагчаар ирж байсан бол өдгөө хөрөнгө чинээ нь дийлдэхээ байж. АТГ-ын цахим хуудаснаас түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхоход ..... гэсэн тоо дурайж байх юм. Хушаат сумынхан засаг даргыгаа цар тахлын үеэр ойгүй баяжсан гэж ярьдаг аж.
Хоёр. Н.Захирахбаатар дарга ан хийх учиргүй дуртай. За ан хийх хувь хүний сонирхол гээд орхиж болно л доо. Гэхдээ ингэж орхиж болохгүй нэг том шалтгаан байна. Мань эр ажлын цагаар ч ангаа хөөгөөд явчих тохиолдол цөөнгүй гэнэ. Намрын ид ажлын цагаар бүр үзэгдэх нь ховор аж. Ууланд л ан хийгээд амьдарч байдаг гэнэ. Албаны жипээр ан авдаа сүнгэнүүлдэг гэсэн сураг ч дуулдаж байна. Засаг ноён болоод анх авсан жипээ онхолдуулж эвдэж хаячихаад сайжруулж унасан гэх. Тэр машиныг нь нутгийн иргэд “Аймгийн гаалийн албанд хураагдсан дөрвөн машинаас шилж сонгож байж авсан” гэж өөр зуураа шивнэлддэг мань дарга “Засгийн биш миний унаа” гээд тамгын газрынхаа жолооч нарыг огт ойртуулдаггүй гэж байгаа. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол албаны машиныг хувьдаа ашиглаж ан хөөдөг засаг дарга болж таарч байна.
Одоо бүр ч “но”-той нэг сураг дуулгая. Н.Захирахбаатар засаг дарга албаны чиглэлээр барьсан ойн эргүүлийн байрыг бол анчдын байр болгоод хаячихсан гэх юм. Өнөө байрыг нь өнгөрсөн жил орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөггаргаж барьсан аж. Байгал орчны байцаагчдыг эргүүлд гарахдаа орж гарч байг гээд ууланд барьсан юм билээ. Гайхалтай нь өнөө байранд анчид л орогнож байдаг гэх мэдээллийг нэрээ нууцалсан иргэн бидэнд өгсөн юм.
Гурав. Засаг дарга Н.Захирахбаатартай холбоотой бас нэг шуугиан ноднин дэгдэж байж. Засаг төрийн ч юм уу, олон нийтийн байгууллагын ч юм уу, аль нэг сувгаар нь орж ирсэн ногооны урамшууллын мөнгийг завшсан, эхнэрийнхээ нэр дээр гаргуулсан гэсэн хов жив нэг хэсэгтээ нутгийн иргэдийн дунд яригджээ. Олны үг ортой л гэдэг. АТГ-ын шалгах нэг өнцөг л гэж харж байна.
Дөрөв. Одоо бүр ноцтой мэдээ дуулгая. Хушаатын Засаг дарга Н.Захирахбаатар Хушаат сумын “Дуут хад” ОНӨҮГ-ын захирал М.Сэргэлэн гэж найздаа сумынхаа хамаг тендерийг өгдөг гэсэн яриаг сумын амтай бүхэн ярьдаг юм байна. Тендер өгөхдөө ч их зальтай арга хэрэглэдэг бололтой. Орон нутаг 20 сая төгрөгийн тендерийн эрх шийдэх боломжтой. Ийм байхад 60 саяын замын тендерийг төвөггүйхэнээр гурав хуваагаад гаргаад өгчих дайны сүйхээ гаргадаг бололтой. Энэ бол яг таг бодит жишээ биш. Ийм зальжин аргаар тендерээс мөнгө завшдаг байж магадгүй гэдгийг нь л зүйрлэж хэлээд байгаа юм.
Орон нутаг дахь төрийн өмчлөлийн үйлдвэрийн газар гэдэг нэрээр экскаватор, ковш техник, трактор, ногоочдын техник гээд бүгдийг нь авчисан байдаг бололтой. Тэгээд тэр бүх техникийг мань засаг дарга эзэмшиж буй хашаандаа ашигладаг гэсэн сураг чих дэлслээ. Намар болохоор хадландаа ашиглачихдаг гэх.
Гэснээс Н.Захирахбаатарын эзэмшдэг гээд буй нь хадлангийн зориулалттай газар бололтой. Зүй нь ногоочдод ашиглагдах ёстой техник хэрэгслийг мань эр хадлан гэх мэт хувийн зориулалтаар ашигладаг гэнэ. Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын шошго дор байдаг трактораар нь газар хагалах хүсэлтэй ногоочдод өндөр үнэ хэлж аргагүйдүүлдэг гэх сураг ч дуулдаж байна. М.Сэргэлэн, Н.Захирахбаатар хоёрын холбоо сүлбээг АТГ-аас анхаарч шалгамаар л санагдлаа. АТГ гэснээс мань эр “Манай ангийн хүүхэд АТГ-т нөлөө бүхий ажил хийдэг. Тэгэхээр та нар намайг барахгүй шүү” гэж томордог гэнэ. Энэ үнэн бол Хушаатын даварсан засаг ноёныг дарах хүн байхгүй юм биш үү.
Үргэлжлэл бий...