Монгол Улсын Баялагийн сан Х.Баттулгыг дуудаж байгаа, хууль дуудаж байгаа...

Ээж байнга загнаад байгаа, УИХ-ын чуулгандаа одоо сууна аа гээд нэвтрүүлэгт орохдоо хэлсэн тавдугаар Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга одоо болтол чуулгандаа суухгүй л байна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас гэгдэн мэдээлэгдэж байна.
Угтаан бол эрүүл мэндийн асуудалд харин ч нэг түгдрэхээргүй чийрэг болсон эр л дээ. Дууны хөвчний нэг асуудал байгаа гэж дуугарсан санагдана, түүнээс нь болоод байгаа юм болов уу.
Ер нь ч тэгээд дуу хоолойгоо , явдал мөрөө “засах зайлшгүй” хэрэг түүнд байгаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд Н.Учрал түүнийг хоолойгоо сөөтөл ярьж яваа гэж хэлсэн. Монголын баялагийг монголчууддаа гэж яриад хоолойгоо сөөтөл тэгж эцэж цуцахгүй яваад байна гэсэн юм л даа. Тэгтэл харин мань өнөөх хоолойгоо сөөтөл баялагийг ард түмэнд гэсэн хүн чинь Төгрөг нуурын ордыг буюу их баялагийг 250 сая доллараар зарж орхисныг өнөөх Н.Учрал орон даяар зараад, бүр АТГ, Прокурорт шалгуулахаар өгчихсөн байгаа. Эх оронч гэгдэн, баялагыг ард түмэндээ гэсэн Х.Баттулга ингээд ярьсаныхаа эсрэг хийдэг болсон нь ноцтой.
Одоо энэ хүнийг хууль дуудаж байгаа, Монгол Улсын Баялагын сан Х.Баттулгыг дуудаж байгаа. Зарж үрсэн Монголын баялагыг эргүүлж авчир аа, бүгд ард түмнээрээ ашгийг нь хүртэе ээ, хамт зооглоё гээд байгаа. Энэ бол гарцаа байхгүй нэхэх зарчмын шаардлага нь Монголын ард түмэндээ онц ойлгомжтой байгаа үнэн юм.
Б.ЖАНЛАВ