Үндсэн Хуулийн Цэц, түүний гишүүд ийм хөгийн, арчаагүй, урвамтгай, туйлбаргүй, хараат байх юм уу, Д.Амарбаясгалан спикер ээ!

Үндэсний Аудитын газрын даргаар томилох гээд С. Магнайсүрэнг дотор гадаргүй хэлэлцлээ. Өнөөдөр томилчих байх. УИХ ингэх л ёстой л доо. Сонсголоор оруулаад, юугаараа чадвартай, яагаад нэр дэвшүүлэгдсэн хүн бэ гэдэгт нийгмийн, хууль тогтоогч, томилогчдоос бодьтой үнэлгээг олгуулах ёстой юм.
Д.Амарбаясгалан үүн дээр овоо санаачлагатай, бас манлайлалтай байх шиг байна. Ерөнхий прокурор, АТГ-ын дарга хоёрыг улираасан томилгооноос хамаагүй илүү л эрүүл харагдаж байна даг. Илүү ч эрүүл, бүр нээлттэй баймаар байна л даа, Д.Амарбаясгалан дарга аа. Төрийн эрх барих дээд байгууллага өөрөө цэвэр, эрүүл байвал шийдвэр тогтоол, томилгоо мөн тэгж гарах учиртай. Мерит гэдэг зүйл байдаг. Шат дараалан бэлтгэгдэх, үүнд С.Магнайсүрэн тэнцэж байна аа гээд, УИХ-ын гишүүнд муугүй үнэлгээтэй байгааг хэвлэлүүд мэдээлж байна.
Ойрмогхон, ер нь нилээд хэдэн чухал томилгоо болох бололтой. БНХАУ-д Элчин сайд байсан, Онцгой байдлын дарга байсан Т.Бадралыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар, Эрдэнэс Монголын захирлаар Б.Цэнгэлийг, Эрдэнэс таван толгойн захирлаар Н.Цэрэнбатыг ойрын үед томилох мэдээлэлтэй. Томилж болно оо, болно. Гэхдээ эдгээр хүмүүсийг чухамхүү С.Магнайсүрэнг “өвчиж”, үнэнийг нь харж томилж байгаа шиг нээлттэй хэлэлцүүлэгт, бүрмөсөн “шалдалж” байж томилмоор байна.
Элчин сайд байсан генерал Эрдэнэт үйлдвэрт зохих уу, Төрийн өмчийн дарга нэг компанийнхаа захирлаар очих нь, Эрдэнэс Оюу толгойн захирал дахиад л тэлээлээд, Эрдэнэс таван толгойд очих нь яг зөв үү гээд асуубал , хариулт их өөрөөр яригдана. Дээр нь эдгээр эрхмүүдийн заримаас авлига, албан тушаалын гэмт хэргийн түүхүүд харагддаг. Хэвлэлүүд ч нилээд бичих төлөвтэй. Бүүр дээрээс далайлгасан, тэндээс л тавь гэсэн учир томилохоос аргагүй гэх байдлыг УИХ, Засгийн газар хаана хаанаа онцгой гойд анхаармаар байна аа.
Удахгүй УИХ Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн , одоогийн байгаа дарга Г.Баясгалангийн оронд хүн томилно. Нарийн ярьбал тэр томилгоо Д.Амарбаясгалангийн парламентын нэр хүнд, ёс зүйт, шалгаралт, гарцаагүй оносон дүгнэмжээр, хамгийн гол нь нэр нь уруудаж шалбаагт орсон Үндсэн хуулийн Цэцийг шинээр, өөдрөгөөр харуулж очих томилгоо болох зүй ёсны, үндэстний, эрх зүйт Монгол улсын эрх ашиг байгаа юм. Тэр шинэ гишүүнийг томилсоноор Үндсэн Хуулийн Цэц шинэ даргаа томилно. Ингэж шинэ зөв хүн томилж, Цэцийн үйл ажиллагаа нэн шинээр, жинхэнэ цэцэт байдлаар дархлаажих ёстойг Д.Амарбаясгалан спикер, хууль тогтоогчид гүнээ ухамсарлаж байгаа биз ээ.
Өнөөдөр, маргааш УИХ-аар Үндсэн Хуулийн Цэцийн нэгэн дүгнэлт орж хэлэлцэгдэнэ. Үүгээр Үндсэн Хуулийн Цэцийг УИХ хэрхэн засах, шинээр дэглэн, дархлааг нь эерүүлэх учиртайн агуулга хэлэлцүүлгээр өрнөх ёстой. Цэцийн уг дүгнэлт Сонгуулийн хуультай холбоотой. Нэг үгээр хэлбэл, төрийн эрх барих байгууллагаа ардчилсан сонгуулиар байгуулдаг Монголын иргэн бүрийн эрх ашгийн асуудал юм. Гэтэл, Цэцийн уг дүгнэлтэд “Мандатын тоог дутуу бөглөсөн тохиолдолд тухайн саналын хуудсыг хүчингүйд тооцох заалтыг Үндсэн хууль зөрчсөн” хэмээн УИХ-д “айлдвар” ирүүлжээ. Гэтэл, хамгийн сонирхолтой нь, яг энэхүү агуулгаар Үндсэн хуулийн Цэц, 1993, 2007 онуудад Үндсэн Хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргаад жишигшээд иржээ. Хоёрын хоёр удаа шүү. Тэгвэл өнөөдрийн дүгнэлтийг нь хар даа. Цэц өөрөө өөрийгөө үгүйсгэсэн байна.
Цэц ийм гуйвамтгай, архины хамааралтай хүн мэт дайвамтгай, хөл тэнцвэргүй, туйлбаргүй, улсын дээд эрх ашгийг хөсөрдүүлж, төр барих утгыг сарниан цалгардуулж иржээ. Үндсэн Хуулийн Цэц, түүний гишүүд ийм хөгийн, арчаагүй, урвамтгай, туйлбаргүй, хараат байх юм уу, Д.Амарбаясгалан спикер ээ!
Чухам ийм учраас л, удахгүй УИХ-ын хийх ҮХЦ-ийн гишүүний томилгоог нэн шинээр, нийгмээр шүүлгэн, хэлэлцүүлэн, өндөр үнэлгээг тогтоох замаар хийх ёстой юм гэдгийг Монголын парламентын анхны 126 гишүүнтэй танхимыг удирдаж байгаа, амаа чилтэл шинэчлэл, шинэ зөв дархлаа ярьж байгаа Д.Амарбаясгалан хөдөлбөргүй хийж, УИХ болоод Үндсэн Хуулийн Цэцийн унасан тэр төрийг аврах магадгүй сүүлчийн боломж байж болох талтай билээ.
Б.ЖАНЛАВ