Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.05.05

Шүүх: МҮИС нь МУИС-ийн гадаад нэрийг хууль бусаар ашигласан гэж шийдэв

Шүүх: МҮИС нь МУИС-ийн гадаад нэрийг хууль бусаар ашигласан гэж шийдэв

МУИС болон МҮИС-ийн хооронд 2020 оноос хойш үргэлжилсэн барааны тэмдэгтийн маргаанд МУИС ялжээ. Улсын дээд шүүх МҮИС-иас ирүүлсэн гомдлыг хэлэлцэхээс татгалзсан байна. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн МУИС-ийн талд шийдсэн шийдвэр хэвээр үлдэх юм.

Тодруулбал, МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягаас 2020 оны есдүгээр сард Оюуны өмчийн газарт “MNU”, “MUIS”, “Mongolian National University” барааны тэмдгийг хууль бусаар ашиглаж буй Монголын үндэсний их сургуулийн үйлдэлд холбогдох зөрчлийн хэрэг үүсгэж, хууль бус ашиглалтыг таслан зогсоох тухай гомдлыг гаргасан юм.

Уг гомдлыг анхан шатны шүүх 2022 оны наймдугаар сард МУИС-ийн талд шийдвэрлэсэн. Гэвч МҮИС-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, давж заалдах шатны шүүх 2022 оны арванхоёрдугаар сард анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үргэлжлүүлэн МҮИС-иас УДШ-д гомдол гаргаад байсан юм. Тэгвэл уг гомдлыг УДШ-ийн Захиргааны хэргийн танхим хоёрдугаар сарын 28-ны өдөр нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд, гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр үлдэж байна.

Монгол Улсын их сургууль нь Монгол Улсын их сургууль гэсэн үгийн англи, монгол хэлээр, мөн англи, монгол үгийн товчилсон хувилбар оролцуулаад нийт 17 төрлийн үгэн болон дүрсэн барааны тэмдгийн хууль ёсны өмчлөгчөөр Оюуны өмчийн улсын бүртгэлд бүртгүүлж хамгаалуулсан байдаг аж. Тэдгээрт “MNU”, “MUIS”, “Mongolian National University” барааны тэмдэгт багтдаг. Энэхүү гурван тэмдэгтийн МҮИС хууль бусаар хэрэглэсэн нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үр дүнд дахин хэрэглэх эрхгүй болж байна.

Харин Монгол Улсын их сургууль болон Монгол үндэсний их сургууль гэх нэршлийн асуудал шийдэгдээгүй үргэлжилж байгаа ажээ.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)