Э.Болормаа: Аймаг орон нутаг руу хийх шилжилт хөдөлгөөнийг бид гурван үе шаттай гэж харж байгаа

Ховд аймагт 2023 оны нэгдүгээр сарын 19-22-ны өдөр болох “Invest Khovd forum”, “Мөнгөлөг шагшуурга” арга хэмжээний талаар Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шинжин суурьших иргэд, ААН-ийг дэмжих тогтоол гарсан. Бүх аймгуудад нээлттэй аймаг болох чиглэлийг өгч, яамдын дэд сайд, Засаг даргын орлогч дарга нарын оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг сүүлийн хэдэн сар ажиллаж байгаа. Энэ дундаа аймгууд хоорондоо өрсөлдөж байгаа гэсэн үг. Улаанбаатар хотоос хүний нөөц, ААН-үүдийг хэрхэн орон нутагтаа татах зэргээр бодлого, ур ухаанаа уралдуулж байна.
Манай аймгийн хувьд 2023 оны нэгдүгээр сарын 19-22-ны өдрийг хүртэл Ховд аймгаар амьсгалах арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Аймаг орон нутаг руу хийх шилжилт хөдөлгөөнийг бид гурван үе шаттай гэж харж байгаа. Нэгд, аймаг орон нутагт хүмүүс ирж үзэх ёстой. Хүмүүсийн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ гэж ярьж байгаа боловч Ховд аймаг болон бусад аймагт очиж үзээгүй бол шууд нүүнэ гэж байхгүй. Тиймээс аялал жуулчлалын арга хэмжээ бол хамгийн эхний шат гэж харж байна. Хоёрт, аймагт, орон нутагт хувийн хэвшлүүд хөгжин дэвжих ямар боломж байна вэ гэдгийг харуулах ёстой. Энэ хүрээнд бид “Мөнгөлөг шагшуурга” аялал жуулчлалын арга хэмжээ болон Ховд аймгийн “Invest Khovd” гэсэн чуулганаа эхлүүлж байгаа юм. “Мөнгөлөг шагшуурга” гэх арга хэмжээ нь Ховд аймгийн зохиож ирсэн Хар уст нуурт болдог цас мөсний баяр. 2023, 2024 оныг Монголд зочлох жил хэмээн албан ёсоор зарласны хамгийн анхны арга хэмжээ Ховд аймагт болж, тохиож байгаад нэлээд ач холбогдол өгч, өмнөх жилүүдээс өөр түвшинд зохиохоор өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
“Мөнгөлөн шагшуурга” арга хэмжээн дээр болох зүйлсээс дурдвал морин чарганы үйлчилгээ, чарга тэшүүр, адуучин, тэмээчний тэмцээн, бүргэдийн үзүүлбэр, ice drift, мөсөн дээрх анхны шоу, мөсөн гэрүүдийг барьж байрлуулна гэх зэрэг олон зүйлийг харуулж байгаа. Жуулчдын хувьд өмнөх жилүүдэд дунджаар 13 мянган жуулчин ирдэг байсан. Гэхдээ ихэнх нь дотоодын бүс нутгийн жуулчид ирдэг бол энэ жил хотоос, зүүн аймаг бусад аймгаас татах чиглэл дээр анхаарч байгаа ” гэлээ.
Эх сурвалж: Sanuulga.mn