Хөлбөмбөгийн шигшээ багийн эмэгтэй тамирчид Ерөнхийлөгчийн сонгуулиа дахин зохион байгуулахыг шаардаж байна

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр /2025.04.28/ болж УИХ-ын гишүүн асан, “Сод Монгол” группийн Ерөнхийлөгч Ц.Анандбазар олонхын саналаар Ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг хөл бөмбөгчид болон хөлбөмбөг сонирхогчид шударга бус болсон хэмээн эсэргүүцэж, Ц.Анандбазарыг огцрохыг шаардан, жагсаж байна.
Мөн Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалттай холбогдуулан хөлбөмбөгийн “Вестерн” багийн эмэгтэй тамирчдыг дасгалжуулагчийн хамт цалинжуулж, ивээн тэтгэдэг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг байр сууриа илэрхийлэв.
Л.Эрдэнэчимэг “Хөл бөмбөгийн холбоо. Би нь хөлбөмбөгийн “Вестерн” багийн эмэгтэй тамирчдыг дасгалжуулагчийн хамт цалинжуулдаг юм аа. Их сургуульд суралцангаа, ажлаа хийнгээ дээр нь тамирчны цалин авдаг учраас манай багийн охидууд өдөр ирэх тусам сайжраад Лигийн аварга болсон. Бүр FIFA-ийн ерөнхийлөгчөөс баяр хүргэж. илгээлт явуулж байсан.
“Вестерн” хүүхдийн багууд Туркийн Анталия, Вьетнам явж тэмцээнд оролцсон. Зөвхөн дотооддоо тоглоод амжилтанд хүрэхгүй гэж боддог учраас олон улсын тэмцээнд зардлыг нь даагаад явуулдаг юм.
Бас Япон, Македони дасгалжуулагчдыг бүх зардлыг нь даагаад Монголдоо ажиллуулдаг. Удахгүй футзал барихаар ажил эхэлж байгаа. Тиймээ, манайх гэр бүлээрээ хөл бөмбөгийн хөгжилд хөрөнгө зарцуулдаг. Олон ч жил хүч хөдөлмөр зарж байгаа.
Гадаадаас, FIFA-аас ирдэг мөнгө нь хаашаа ордогийг сая сонгуульд оролцсон 26 л мэддэг байх. Хөл бөмбөгийн талбай дээр ирж ч үзээгүй мөртлөө нэр дэвшиж болдог юм бол би ч бас нэрээ дэвшүүлмээр байна шүү.Тэмцэгч тамирчидтайгаа нэгдэж дэмжиж байгаа” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
Хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид болон хөлбөмбөгт хайртай үнэнч үзэгчид МХБХ-ны удирдлагуудад хандаж холбооны Ерөнхийлөгчийн сонгуулиа дахин ил тод, шударга зохион байгуулахыг шаардаж байна.