Цагаан сарын баяраар "ууцаар гангардаг" ёсыг халах нь зүйтэй юу?

Монголчууд эртнээс хурим найр ялангуяа Цагаан сарын баяраар ууц тавьж, зоог шүүс бэлдсээр ирсэн. Ингэхдээ төрийн өндөр дээд хэргэмтэн болоод ахмад настнууд голцуу ууц идээ тавьдаг байж. Гэтэл энэ ёс өдгөө нэлээд хавтгайрлаа.
Бараг айл болгон ууц тавьдаг болж, хүнсний захуудаар ууцны үнэ багадаа 400-500 мянга ихдээ 1 сая төгрөгт хүрч байна. Ууц тавих нь ёс уламжлал гэхээсээ илүү Монголчуудын нэг нэгнээсээ давж, илүү харагдах гэсэн хэнээрхлийн зан үйл болж хувирлаа.
Ер нь хүн болгон, ахмад настан болгон ууц тавих албагүй. Ууц тавиагүй байлаа гээд ядуу зүдүү, нас намбагүй, дэг жаяггүй харагдана гэсэн ойлголт байхгүй. Үүнийг л манайхан ойлгомоор байгаа юм. Үүнийг ойлгоогүй хэт туйлширснаасаа болж тэтгэврийн хэдэн төгрөгөө ахмадууд маань ууцанд "тавиад тууж" байна. Ийм жишиг газар авч энэ сиймхийг өнөөх хэдэн ченжүүд нь ч овжин ашигласаар удаж.
Орчин үеийн залуус ч ууц тавьдаг энэхүү ёсыг халж, өөрчилж, шинэ үеийн хэв мяг руу шилжүүлэх нь зүйтэй гэж үзэх болж. Мөн эрүүл мэнд талаасаа ч ууцыг халуун дулаан орчинд олон хонуулах нь муу үр дагавартайг эмч мэргэжилтнүүд хэлээд л байгаа. Тэгэхээр бид нэгийг бодох цаг эрхгүй ирсэн юм шиг. Таны бодлоор...