Иргэнийхээ бодлыг төр нь "журамлаж", залруулав

Иргэн Ч.Лодойсамбуу сошиалд үзэл бодлоо илэрхийлснийг ЦЕГ-аас залруулав. “Хар тамхины бизнес цагдаагийн оролцоогүйгээр газар авахгүй гэж боддог оо” гээд Улаан балын хөтлөгч асан маань улс амьтантай бодлоо хуваалцсаныг цагдаагийнхан хүндрүүлж, улаан дардсаар дарж байгаад ум хумгүй залруулга нийтэлжээ. Төрийн албаны нэр хүндэд халдсан төө ташаа мэдээлэл тараасан түүний бичвэрийг залруулав гэж.
Түмний амгалан байдлын эсрэг тэрслүү бүхэнтэй тэмцэх нь цагдаагийнхны үүрэг. Гэхдээ тэр чиг үүргээ хэтрүүлээд хардах эрхээ эдэлсэн болгоны бодлыг хүртэл журамлана гэвэл бүтэхгүй ээ. Бид бодох эрхтэй, хардах эрхтэй. Аа харин хамаг олныг турхирч, буруу муухайд уриалах эрхгүй. Гэхдээ Ч.Лодойсамбуу тийм үйлдэл хийсэнгүй, зүгээр л бодсон, бодол нь харин журамлагджээ.
“Яасан их цочоотой байна аа” гээд сэтгүүлч маань жаахан ёжилж. “Яасан их завтай хүмүүс вэ” гээд олон түмэн ч шүүмжилж. Бодол журамлахынхаа оронд боодол боодлоор нь авлига авсан хулгайчдаа журамла гэж эгдүүцэж байна. Яс яривал мөрийтэй тоглоомын томоохон хэргийн цаана мөрдөст хурандаа байж л байсан түүх бас бий л шүү дээ...
Д.Сүрэн
Sanuulga.mn